Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хөрс-агаар-усны бохирдол, эрчим хүчний эх үүсвэр, байгалийн нөөц, хоол хүнсний хомсдол, хүлэмжийн хийн ялгарал зэрэг асуудлууд нь дэлхий нийтийн өмнө нэн хурцаар тулгарч ядуурал, өлсгөлөнгийн түвшинг нэмэгдүүлэх болон эдийн засаг, нийгмийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж буй гол бэрхшээл болж байна.
Монгол Улсад ч мөн 21-р зууны эхэн үеэс байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн бүтэц голлох болж, эрчим хүчний эх үүсвэр, байгалийн нөөцийг шавхан барагдуулах хандлагатай, хүрээлэн буй орчноо доройтуулах, хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлэх, үр ашиг муутай хэрэглээтэй болсон нь байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний зэрэгцээ ядуурал, ажилгүйдэл, хүний эрхийн зөрчил, хөдөлмөр хамгааллын доголдол, цаашлаад бидний хосгүй нүүдэлчин өв соёл, ахуй уламжлал алдагдах эрсдэл өсч, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд олноор нэмэгдсээр байна.
Иймд эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан санал санаачлагыг дэлхий даяар дэмжин аливаа үйл ажиллагааг “тогтвортой (Sustainable)” байлгахыг чухалчилж байна. “Тогтвортой хөгжил (Sustainable Development)” нь өнөө болон ирээдүй үеийнхэндээ хохирол учруулахгүйгээр эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийн харьцааг тэнцвэржүүлэн зөв зохистой хөгжлийг бүтээх үзэл баримтлал юм.